ЕВРОПТ ОРОСЫН ЦОР ГАНЦ НӨХӨР НЬ СЕРБИ БАЙСАН…

АНГИЛАЛ :
     Оросын түрэмгийллийг буруушаасан НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолд (III.3) Серби улс нэгдсэн юм байхчив. Уул нь Европт Оросын хань нөхөр цорын ганц үлдээд байсан нь энэ Серби билээ. Орост тавих хоригт бол тус улс нэгдээгүй, гэхдээ Украинд хийсэн түрэмгийллийг буруушааж гар өргөсөн бөгөөд “НҮБ-ын гишүүн аливаа улсын газар нутагт халдах явдлыг тэвчихгүй” гэж ерөнхийлөгч А.Вучич хэлжээ.
     Серби гэснээс би гэгч серб хүнтэй нэг өдрийн найз байж үзсэн толгой. Коммунизмаас хойхно, ковидоос өмнөхөн билээ. Ажлынхнаараа нэлээд хэдүүл Бээжинд очиж симнаарт суугаад, цаашаа Шаньдун хүрч Шар тэнгисийн усанд хөлөө дүрсэн шиг явсаар буцаж ирмэгцээ Бээжингийн нэг бага шиг өртөөнөө нутаг харих унаа хүлээн гиюүрч зогстол хятад, монгол олон амьтан дунд шар толгойтой өндөр хархүү ганцаар их л содон үзэгдсэнд, уйдаа гаргах санаатай очиж үг өдвөл, азаар хэлний бэрхшээл төдийлэн гарсангүй. Юу гэвэл тэр хүн серб, би гэгч нэг муу халтар хултар орос хэлтэй, тэр бээрийн эх хэл оростой язгуур нэг тул хоёул товхийтэл ойлголцохоор барахгүй, хэн хэн нь тамхи татахыг яана. Ингээд хоёул төөрч яваад биесээ олсон ах дүү мэт дор дороо маш баясан даруй эвсээд улс амьтнаас зайдуухан гарч, тус тусын хайрцагтайг харамгүй гарган харилцан дайланхан ам хуурайгүй донгосч гарав.
     Сайхь эр Белградын их сургуулийн оюутан, үүгээр түүгээр хэсэн тэнэх дуртан, энэ жил Зүүн өмнөд Азийн хэдэн орноор нөхөд гурвуул сайтар яваад мань эр салж Хятадын өмнөд хилээр хойш давжээ. Ингээд саатах газраа саатаж, малгай тавибал манайх гэж явсаар Бээжинд ирсэн нь энэ аж. Хойшоо манай руу гараад, улам цаашилж Эрхүүд бас нэг хэсэг нөхөдтэйгээ болзсон ёсоор учраад, тэндээсээ шулуухан нутаг буцах хүн гэнэ. Сайхан гар шүү, таавчигтай, нэг муу даавууны өөдсөөр цээж бөгсөө эрхбиш халхалсан. Гүрнийг хэсэж гүзээгээ дүүргэсэн дүүргэсэн гэж бодоход эд хогшил гэж юутай ч юм, энэнд ер нь мөнгө төгрөг гэж байгаа болов уу гэмээр. Гэхдээ энд тэнд сайхан тэнэхэд хүнд их юмны хэрэггүй л дээ, үүн дээр бол манай монголчууд бусдаас өвөрмөц ондоо, хог новш чирч явдаг нь ёс тул би тэдний нэг мөний хувьд тэгж бодсон биз. Харин мань хүн хаа очиж царай зүс, нуруу туруу их л тэгш сайхан (солонгос киноны заваан заваан монгол орчуулгад нас насны эр хүн эр хүнээ “Царайлаг юм аа” гэхчлэн хэлэхийг сонсоод огичихмоор болдог, солонгос нь тэгж заваардаг юм байгаа биз, монгол хүн, монгол хэлнээ тэгдэг ёс байна уу?), хамт явсан ажлын охид бүсгүйчүүдийн нэр бүхий зарим нь яг тухайн энэ үед тээр тэндээс тун соргогоор инагш үе үе хараачлан байсныг нуушгүй (санаа алдан байсан гэж бол хэлэхгүй, зайтай байсан учраас мэдэхгүй).
     Серб нөхөр их яриа, явсан газрын сонин хүүрнэхээс гадна төрөлх нутаг орныхоо ийм тийм сайхныг, хүний газар гүний нутагт яваа хүн л болсон хойно дурдан хэлээд мэдүүлчихийг л бодно. Би ч сав хоосон буцаахгүйг хичээнэ. Гадаад хэлээр нэвтрүүлэх сачий нь л хүрдэг юм бол эх орныхоо тухай ярьж хүний хүнийг ангайлгах юм далай, гэвч тэр бүрий тийм бяр хүрэхгүй дутдаг нь гачлантай. Гэхдээ л энэ хорвоогоор дүүрэн, Монголыг мэдэхгүйн онгойсон онгойсон алам хар нүхний ёроолд боломж л олдвол ганц нэг ч болов юм чулуудчихыг л чармайж явах нь зүй. Үүнээс гадна Югослав гэж байхад социалист нэг ай саванд багтсан манай хувьд тэдэнтэй холбоо харилцаа их л сүрхий байсныг баримтаар өгүүлбэл сонин хүндээ сонин, мань хүн бол их л чагнаж байв. Арга ч үгүй юм, мэдэхгүй, сонирхдог ч үгүй явж л. Югославт Монголоос хөнгөн үйлдвэрийн олон зуун ажилчин очиж дадлага хийсэн, ер нь тус улсаас манайд гар сунгасан нь бишгүй, тухайлбал наяад оны бөгсөөр хөнгөлөлттэй зээл олгон Савхин эдлэлийн аварга үйлдвэр барьж өгсөн, байшин сав нь одоо ч байж л байна. Хамгийн сүүлд гэвэл одоогийн энэ “Чингис” зочид буудлын бүтээн байгуулалтад анхнаасаа Югослав оройлсон бөгөөд тус улсын мэргэжилтнүүд ирж ажиллан эхлүүлээд нэлээд дөхүүлсэн боловч 90-ээд он гарснаар төсөл зогсож, югославчууд ажлаа дуусгаж чадалгүй нутаг буцсан юм. Тухайн үед манайдаа аварга энэ буудлын төслийн нэр “Туул” ч билүү “Сэлэнгэ” ч билүү, ондоогоор явж байсныг би хэрвээ буруу санаагүй бол тухайн үед эрдэмтэн орчуулагч Л.Хуушаан гуай “Чингис хаан” хэмээн нэрлэх санаачлага гарган, хэвлэл сониноор хөдөлгөөн өрнүүлснээр одоогийн энэ нэрээ олсон билээ. Югославт Монголоос бас цөөнгүй оюутан суралцаж, дунд төдийгүй дээд боловсрол эзэмшсэн түүх бий гэх зэргээр хоёр орныг холбосон юм гэхэд л ярихаар бас ч мундахгүй. Сонирхох хүн нь сонирхоно, ангайх хүн нь ангайна. Нэгдүгээрт яг юу ярихав, хоёрдугаарт ярих юмаа яг яаж сонирхолтой болгохов гэдэгт л байдаг юм л даа. Гадаад хэлний сурсан тэр тамир маань л дутдагаас биш, ер нь баргийн хүнийг ангайлгаж болдог л юм. Тэр завсар Бээжингийн симнаар удирдсан Хятадын хэвлэн нийтлэх нийгэмлэгийн дарга Ши овогт сайхан сэтгэлт авгай биднийг түрүүхэн үдэж салахын ёс хийгээд хоцорсон мөртлөө, хэдэн монгол хүүхэд унаа цуцаандаа суугаа болов уу яагаа бол гэж араас санаа зовнин давхиж ирээд, авчирсан идээгээ хүн бүрт хүртээн тарааснаас маньд ирсэн мантуун буузыг серб хампаантай хуваая гэсэнд сайхь эр дуртайяа хүлээж, ер ичил нэрэлхэл үгүй сайхан цохиж дуусгаад бас хоосонгүй, хариу барьсан нь чухам юу байсныг одоо харин мартжээ.
     Ийнхүү монгол, серб хоёр Бээжингийн мухар тэрэгний өртөөнөө идэхдээ идэж, уухдаа уун, хоёул бие биенээ тамхиар шахалцан, юм ярих маний ээлж нэгэнтээ ирсэнд би гэгч яаран яаран, серб түмний суут, энэ үндэстэнд Нобелийн шагнал авчирсан цорын ганц (байх аа) зохиолч Иво Андричийн “Дрина голын гүүр” гэдэг галзуу ганц зохиолыг нь монголчууд аль далан хэдэн онд орчуулаад (Ш.Гаадамба гуай хөрвүүлжээ) уншчихсан болохыг өгүүлсэнд мань серб бүр үнэхээр ангайгаад, яая даа гэмээр алаг хоёр нүд нь учиргүй эргэлдэж, би гэгч “Монголыг басаж болохгүй шүү” (бассан ч юм байхгүй л дээ хөөрхий) гэж дотроо ярьсан шиг, түүний тэр бүлтэгнэхийг огт ажаагүй дүр эсгэн байх яг тэр мөчид Эрээн хүрэх автобус хүнээ суулгаж эхлээд, тэр хавьд босон суун эвшээсэн хүний өөрийн олон амьтан үймж гарвай.
     Унтлагын автобусанд бидэн хоёрын байр айхтар холгүй таарсанд бас ч ганц нэг үг солилцон, дугхийхдээ дугхийж явтал шөнө дүлээр Сайхан тал хавьцаа байсан уу мэдэхгүй, автобус нэг их муухай орилоод нам зогсов. Хятад жолоочтой хэл амаа ололцож, араас хүчин туслалцаа дуудах энэ тэр гэсээр байтал үүр цайхтай зэрэгцээд тээврийн компанийн илгээсэн унаа ирж, шилжин суусан биднийг агуулан авч яаран довтолгосоор Эрээнд оройхон буухад усан бороо орж байвай. Харийн хотод борооноор ирэх сайхан байдаг. Тэр хот нь Эрээн байсан ч хамаагүй. Танихгүй хотод ялангуяа бороотой шөнөөр дөрөө мултлах гоё. Нэг саванд ирсэн улс зүг зүгт тархан одоод, манай амины хэд нэг муу дэн буудалд орж амарсанд серб найз мөн нийлэв. Хоол унд идэж, гар хөлийн чилээ гарган нэгэнтээ амсхийгээд, олуул арай ах манийхаа өрөөнд цуглан, аян замын тайлан хэлэлцэхээр ширээ тойрон суугаад ёсны юм тал талаас гарган эхэлтэл дотроосоо санаачлага үүсч өнөө найзыг залан авчирмагц охид хүүхнүүд голдуу найр тавин шар зочиндоо зай гаргаж, дуртайяа дундаа хавчин суулгавай. Ингээд Монгол-Сербийн ган бат найрамдал гэх мэт олон сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, гол төлөв миний муу найзыг танин мэдэхүйн элдэв асуултаар тал бүрээс цуцалт үгүй булахын завсар дуу хуур ч ундрав. Энэ дунд үнэхээр танин мэдэхүйн шинжтэй нэг сонин явдал болсон нь, дугараа таарч серб эрийн хундага өргөн дуулсан дуу нь манай монголчуудад, ялангуяа маний үеийнхэнд их л танил дуу байх нь тэр! Партизанууд ой мойд яваад фашист машистуудыг хөнөөн устгадаг тухай үгтэй тэр дууг дунд сургуулийн урлагийн үзлэг энэ тэр дээр их л дуулдаг байсан бөгөөд одоо харин нэр усыг нь мартжээ, ая нь бол цээжинд байна. Мань эрийн ярихаар энэ гэмээнэ II дайны үед Югославын партизануудын зохиосон дуу агаад серб түмний хувьд бол ардын шахуу болчихсон амьтан ажээ. Өнгөрсөн зуунд хоёр улс үнэхээр найртай явсан тул тэр харилцааны хүрээнд Монголд орж ирсний үгийг манайхан монголчилж нийтэд дэлгэрүүлсэн нь лав. Хоорондын хэлхээ холбоо өрнөж байхаар барахгүй бие биенээсээ дуу хүртэл авч өөриймшүүлэн шингээж явсан намтартай хоёр ард түмэн ажгуу. Эрээний буудалд элдвийн л юм болдог аж. Эрээн гэдэг сайн нь ч, муу нь ч үргэлжилж л байдаг энэ хорвоогийн ялгаагүй л нэг өнцөг булаан.
     Маргааш өглөө нь босож үзвээс серб найзын өрөө хүнгүй. Хэдийнэ мордож оджээ. Унааных нь хуваарь тэгж эрт таарсан байлуу, би гэдэг хүн урьд шөнөжин нь дуулж хуурдсанаас толгой учиргүй эргэж манараад, чухам яана гэснийг нь шингээж чадалгүй хоцорсон байж билээ.
     Оросыг буруушаасан НҮБ-ын тогтоолд Серби улс гар өргөн нэгдсэн гэхээр манай зарим нэрт геополитикчоос авахуулаад энэ улсын тэнэг мангуу, янкуудад толгойгоо угаалгасан энэ тэрийг гайхан шүлсээ хайр гамгүй үсэргэх биз. Маний л серб хүнтэй уулзаж учирсан бага боловч жишээн дээр авч үзэхэд тийм яадгаа алдсан мулгуу мунхаг юм мэдэгдээгүй, соёлтой бол соёлтой, эрдэм номтой бол эрдэм номтой, царай зүс буянтай сайхан бол сайхан, ерөөсөө дотроо бодолтой, дороо суурьтай л улс шиг байсан шүү.
Б.Бат-Амгалан
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
-14.6 ° C
-14.6 °
-14.6 °
38 %
2.4kmh
0 %
Бям
-15 °
Ням
-11 °
Дав
-11 °
Мяг
-8 °
Лха
-9 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...