- Талхыг дээрээс нь биш доороос нь зүс
Бид дөрвөлжин хэлбэртэй талхыг дандаа дээд талаас нь зүсдэг зуршилтай. Тэгвэл нэг удаа ч гэсэн ёроол талыг нь дээш харуулж байгаад зүсээд үзээрэй. Энэ илүү хялбар, илүү эвтэйхэн байх болно. Яагаад гэвэл талхны дээд тал хагас дугуй хэлбэртэй учраас доош харуулснаар хялбархан зүсэгдэж, амархан тасарна. Үйрмэг ч бага гардаг байна. Сонин байгаа биз.
2. Гар хугуугаа багаж болго
Ямар нэг зүйлийг хэмжихийн тулд танд заавал зориулалтын багаж байх шаардлагагүй. Таны гар хуруу бол тэр чигээрээ хэмжих хэрэгсэл юм. Ер нь монголчууд бие эрхтэнийхээ оролцоотойгоор амьдрал ахуйдаа хэрэгтэй бүх зүйлийг хэмжиж ирсэн. Ялангуяа, нүүдэлчин ахуйд алд, атга, сөөм, тохой, төө, алхам гэх мэтээр хэмждэг. Жишээ нь, та ямар нэгэн хэмжээгүй сав суулганд юм хийхдээ баримжаа авахын тулд өөрийн гар хурууны үе, зураас бүрийг нарийвчилсан багаж болгон ашиглаж болно.
3. Шал угаахдаа хоёр хувин ашигла
Та гэр болон ажлын газрынхаа шалыг угаахдаа цэвэр, бохир усны хоёр хувин хэрэглэж хэвшээрэй. Энэ нь таны ажлыг илүү үр дүнтэй болгохоос гадна олон дахин ус солих гэх мэт илүү ажлыг маш сайн хөнгөвчилж өгдөг. Мөн шал тань бохир усаар загалтаж дургүйг чинь хүргэхгүй. Улам гялалзах болно.
4. Аяга шаазангийн өнгөрийг цагаан цуугаар арилга
Өтгөн кофе, цай байнга уудаг аяганы ёроолд өнгөр тогтох нь элбэг. Мөн түүнийг арилгах нэлээд ярвигтай байдаг уу? Тэгвэл үүнийг маш хялбархан арилгах арга бол цагаан цуу юм. Өнгөр тогтсон аягандаа цагаан цуу түрхээд хэдхэн минут болоход л шинэ юм шиг гоё болно. Мэдээж дараа нь халуун бүлээн усаар сайтар зайлахаа мартуузай. Мөн энэ аргыг илүү үр дүнтэй болгоё гэвэл цагаан цуун дээрээ бага зэргийн давс нэмж болдог шүү.
5. Өрөөнд сайхан үнэр шингээх арга
Ширээний гэрлийн ламп дээр хэт их биш хэмжээгээр үнэртүүлэгч түрхээд гэрлээ асаавал таны гэр, ажлын өрөөнд сайхан үнэр жигд тархдаг. Мөн ийм аргаар шингээсэн тааламжтай үнэр тийм ч хурдан арилахгүй. Яагаад гэвэл гэрлийн ламп аажим халах явцдаа тухайн үнэртүүлэгчийг илүү сайн тархааж байгаа юм.
6. Шилний цавууг тосоор арилга
Бид компот, варений шил түгээмэл ашигладаг. Гэхдээ ашиглах явцад шошго нь ноолорч, цавуу нь зууралдаад арилж өгөхгүй заваараад байдаг даа. Тэгвэл шошготой шилээ эхлээд халуун усанд хэдэн минут байлга. Дараа нь гаргаж ирээд тос түрх. Ингэснээр шошгоны цавуу бүрэн хууларч цэвэрлэгдэнэ. Кокосын тос ашиглах нь илүү тохиромжтой байдаг. Ингээд таны шилнүүд цэвэр цэмцгэр байхаас гадна эрүүл мэндэд чинь ч тустай.
7. Цэцэг ургамал унжаад байвал чиг барьж боох хэрэгтэй
Тасалгааны ургамал болон бэлгэнд авсан цэцэг иш нь амархан нугаларч бөхийж унждаг. Тэгвэл эдгээр цэцэг, ургамлыг илүү удаа цэмцгэр цэх байлгахын тулд нарийн хуванцар соруулаар чиг барьж боогоорой. Мэдээж боохдоо ишийг нь гэмтээлгүй болгоомжтой хандах хэрэгтэй.
8. Тоос сорогчны муухай үнэрийг дарах арга
Тоос сорогч хэрэглэх үед болон хэрэглэсний дараа тоос шорооны муухай үнэр үнэртээд байдаг. Тэгвэл та сорогчныхоо хогийн уутанд нь хагас халбага шанцай хийгээд үзээрэй. Ингэснээр зөвхөн муухай үнэрийг дараад зогсохгүй өрөө тасалгааны бактерийг ч тодорхой хэмжээгээр устгадаг байна.
9. Хагарсан чийдэн солихдоо төмс ашигла
Хагарсан чийдэнг болгоомжтой солихгүй бол гар хуруугаа гэмтээх аюултай. Тэгвэл төмс танд тусална. Чийдэнгээс жижиггүй хэмжээтэй төмсний нэг талыг тэгшилж зүсээд хагархай руу бага зэрэг шигтгээд эргүүлээрэй. Ингэснээр та хагархай чийдэг потроноос нь хялбархан хийгээд аюулгүй салгаж чадна.
10. Тосны толбыг хүүхдийн цацлага арилгаж чадна
Хувцас хунар, даавуун эдлэл дээр туссан тосны толбыг арилгах төвөгтэй. Тэгвэл нярай хүүхдийг улайлт, нуралтад хэрэглэдэг нунтгийг тосны толбо арилгахад ашиглаж болно. Даавуун эдлэл тос туссан даруйд хүүхдийн цацлага түрхээд 30 орчим минутын дараа үрж нухлахад толбо бүрэн арилна.
Эдгээр аргуудыг та амьдралдаа заавал хэрэглэж үзээрэй.