Парк шинэчлэлийн хүрээнд оруулсан цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус троллейбусны шугамд тулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Хоёр давхар автобус 4.18 метр өндөр. Харин троллейбусны шугамын өндөр 5.05 метр өндөрт байх ёстой. Гэтэл зарим хэсэгт шугам унжиж доошилсон зөрчил гарсан. Тиймээс зөрчлийг арилгах ажил эхэлжээ. Автобусны дээврийн хувьд тог дамжуулдаггүй юм байна” хэмээн мэдээлжээ.
Ташрамд дурдахад, Нийслэлийн нийтийн тээвэрт сүүлийн 10 жил томоохон парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Засгийн газар нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцэж, 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон.
Парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн автобуснуудын 61 нь энгийн, 10 нь цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус, 20 нь хүүхдийн сургуулийн автобус байгаа юм.