Өнгөрсөн намар Ховд аймаг болон Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Уул сумдын нутгаас олдсон хүрэн баавгайн гурван бамбаруушийг эх байгальд нь өчигдөр буцаан тавьсан байна. Уг баавгайн бамбаруушууд өнгөрсөн 10 сар орчмын хугацаанд БОАЖЯ-ны харьяа, Хөвсгөл аймгийн Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид асран тэжээж, өдийг хүрчээ.
Австрали улсын “Animals Australia“ байгууллагын дэмжлэгтэйгээр эдгээр баавгайн бамбаруушийг нисдэг тэргээр зөөвөрлөн их тайгад нь буцаан тавьжээ.
Хүрэн баавгай Монгол орны Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойд хэсэг, Их Хянганы салбар уулсын тайга, ойт уулсаар тархсан байна. Биологийн хүрээлэнгийн 1986 онд гарсан судалгаагаар Хэнтий, Хөвсгөлд хүрэн баавгайн нөөц 500 орчим байжээ.
2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар тус аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр сумдын 5477.6 км2 нутагт 132±7 толгой хүрэн баавгай 1,000 га-д 0.8 бодгаль ногдох нягтшилтай байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэсэн, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцын II хавсралтад бүртгэгдсэн. Тархац нутгийн 21 орчим хувь улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагдсан юм.