Өнгөрсөн онд Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ /УБЦТ/ ТӨХЦ-ийн Хяналт аюулгүйн ажиллагааны хэлтэс, иргэдийн цахилгаан хэрэглээнд хяналт шалтгалт хийсэн байна. Шалгалтын дүнд цахилгаан эрчим хүчийг зүй бусаар ашигласан нийт 948 хэрэглэгчдийг илрүүлжээ. Нийт зөрчлөөс лабораторид 88 мянга гаруй тоолуурыг хэмжиж баталгаажуулснаас 143 хэрэглэгч тоолуур болон гүйдлийн трансформаторын холболт, программд өөрчлөлт оруулсан зөрчил гаргасан байна. Мөн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгүй, техникийн нөхцөл болон зөвшөөрөлгүйгээр дур мэдэн холболт хийсэн, тоолуур хэмжих хэрэгслийн битүүмжлэлийн лац хөндсөн 805 зөрчлийг тус тус илрүүлжээ. Дээрх илэрсэн зөрчилд 10,575.5 мян.кВт.цагийн нөхөн тооцоо хийсэн ба холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Тоолуур болон хэмжүүр тэдгээрийн эд ангийн битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн, хэвийн ажиллагааг алдагдуулсан, зөвшөөрөлгүй цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 30.1.7 /Эрчим хүчний тоолуур, хэмжүүрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах/; Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлд “хууль бусаар хэрэглэсэн эрчим хүчний үнэ, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаас гадна бусад хууль, дүрэм, журмын дагуу хариуцлага хүлээлгэдэг байна.