Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр МҮХАҮТ-д шилдэг ААН-ийн төлөөлөлтэй уулзаж төсвийн тодотголын төслийг танилцуулж, санал солилцсон юм. Уулзалтад оролцогч бизнес эрхлэгч нарын зарим саналыг хүргэж байна.
“Буян” компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, “Талх 2000, архи 6000 төгрөгийн үнэтэй байна. Ийм байхад яаж ажил хийх хүн олох вэ? Сангийн сайдаа, архины онцгой албан татвараа нэмэх хэрэгтэй байна. Манай улсад 15 мянган цагдаа бий. Тэднийг төр хувцаслаж, зардал гаргаж байна. Эдгээр залуусыг хөдөө аж ахуй руу явуулж, ажиллуулах хэрэгтэй. АНУ, Европын орнуудыг бид жишээ болгон ярих дуртай. Эдгээр улсад хүн бүр татвар төлдөг. Тэгвэл ченжүүд Монголд татвар төлдөг үү? Одоо 120 мянган байр эзнээ хүлээж байна. Бүх мөнгөө бетон болгочихлоо. Байрны үнэ маш өндөр. Нийслэлд ийм их байр барьж байхад төвлөрөл буурахгүй, эсрэгээр өснө. Сая Ерөнхий сайд төвлөрлийг бууруулна, хотоос гарах иргэдийг малжуулна гэв.
БНХАУ-д барилгын салбар нь дампуурлын ирмэгт байна. Цаашлаад улсынхаа эдийн засгийг татаж унагаах эрсдэл үүсэв. ХААИС-ийг яагаад одоо болтол Дархан руу нүүлгэхгүй байна вэ. МУБИС, Цэргийн их сургуулийг Налайх руу хурдан нүүлгэ. Их сургуулиуд хотод байх шаардлага алга. Түгжрэлээ хурдан шийдэх хэрэгтэй байна. Зам дээр цаг алдан, ажлаа алдсаар байх уу. Өдгөө банкууд зээл олгохоо больж, ББСБ-ууд л зээл олгож байна” гэв.