Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх зорилгоор, төрөөс олгох нэг хүүхдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан байна.
Олон нийтээс Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмж бага байгаа асуудлаар санал хүсэлтүүд ирсэн байна. Тиймээс нийслэлд цэцэрлэгийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодыг тодорхойлж, хувийн хэвшилтэй хамтрах зарчмын шийдэл гаргасныг Ерөнхий сайд мэдэгдлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Төсвийн бодлогод тулгуурлан цаашид нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжтэй холбоотой асуудалд хөрөнгө оруулахад бодлогоор анхаарна. Нийт 270 обьектын асуудал байгаа ч тэдгээрийг хүлээхгүйгээр хувьсах зардлыг хоёр дахин нэмэх шийдэл гаргасан. ААН-үүд өөрийн ажилчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажлуулбал татвар ногдох зардлаас хасаж тооцох хамтарсан шийдлийг Улаанбаатар хотод гаргах нь зөв гэж үзэж байгаа гэлээ.
Дээрх асуудлыг ирэх долоо хоногт УИХ-д оруулж, төсвийн тодотголын төсөлтэй хамтатган хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа юм.