Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй уулзав. Тэрбээр “Бид ниргэсэн хойно нь хашгирав гэсэн байдалтай байна. Ерөнхийлөгчийн хувьд хоёр ч удаа гадаад болон дотоод нөхцөл байдлын талаар ярьсан. Хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, бензин шатахууны асуудал гэх мэт тулгамдсан асуудалдаа анхаарах шаардлагатай байна гэж сануулж, ажлаа сайн хий гэж хэлсээр байтал өнөөдрийн нөхцөл байдалд хүргэлээ. Дэлхий дахинаа хүнд нөхцөл байдалтай байгааг хаа хаанаа ойлгож байна. Цар тахалтай хоёр жил тэмцлээ. Араас нь Орос, Украины асуудал үүсч байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд газрын тосны үнэ хоёр дахин, хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа, үр тариа, мах ургамлын тосны үнэ 30-40 хувиар нэмэгдсэн. УИХ, Засгийн газар ажил төрлөө сайтар нягталж, харилцан уялдаа холбоотой хийж, ажлаа сайжруул, хурдан шуурхай арга хэмжээ ав. Дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчил, шаардлагатай гэж үзвэл төсвийн тодотгол хий. Ялангуяа, үнийн хөөрөгдөл, эрчим хүч, шахатуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох мах, гурил, хүнс хүнсний ногооны үнэд онцгойлон анхаарах хэрэгтэй байна.
Энэ хавар тариалалтыг маш сайжруулах хэрэгтэй байна. Хүнсээ гаднаас авах биш дотооддоо хүнснийхээ хэрэгцээг бүрэн хангадаг улс болох, өөрсдийн гэсэн эрчим хүч, нефттэй болох шаардлагатайг энэ хоёр жилийн хугацаанд бидэнд маш сайн харууллаа. Цаашид эдийн засгийн хувьд хараат бус бие даасан улс болох чиглэлд анхаарах ёстойг цар тахал, дайн тулаанд бидэнд нотоллоо. Сэтгэл, зориг гаргаж ажилла. Тодорхой ярьж, тодорхой асуудлыг шийд. Ард түмэнд худал биш, үнэнийг хэл. Чадахаа чадна гэж, чадахгүйгээ чадахгүй гээд хэл. Юу болох гээд байгааг, ямар нөхцөл байдалтай нуур тулсанаа хэлэхгүй байхаар ард түмэн яаж ойлгох вэ, бухимдах нь аргагүй. Дээрээс нь хэрэгцээгүй бүх зардлаа тана, шаардалагагүй хөрөнгө оруулалтаа бүгдийг нь тана. Бид маш хүнд нөхцөлд амьдарч байна. Эх орны дайнаас хойш байгаагүй эдийн засгийн хүнд нөхцөл үүссэнийг дэлхий нийтээр ярьж байна. Тиймээс үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд та бүхнийг ард түмний тавьсан шаардлагад сайтар анхаарч, яаралтай шийдвэр гаргаж, ажлаа зөв удирдан зохион байгуулах шаардлага анхааруулгыг Төрийн тэргүүний хувьд та бүхэнд өгч байна” гэв.