2022 оны эхний гурван сарын байдлаар Монгол Улсын импорт 1.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 11 орчим хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс харьцангуй нэмэгдсэн байна. Ялангуяа 2.2 мянган тонн өтгөрүүлсэн болон хуурай сүү импортолсон нь өмнөх оны мөн үеэс 40.1 хувиар өсжээ. Мөн 47.3 сая ширхэг өндөг импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 21.9 хувиар, харин 2020 оны мөн үетэй харьцуулбал 48.7 хувиар өссөн дүн боллоо.
Импорт ийнхүү нэмэгдсэний зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өссөөр байна. Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногоос 2.4 хувиар, өмнөх сараас гурван хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Тухайлбал, өндөгний үнэ өнгөрсөн долоо хоногийнхоос 11.6 хувиар өссөн бол шинэ сүүний үнэ өнгөрсөн долоо хоногоос 7.7 хувиар нэмэгджээ.
Засгийн газар зарим нэрийн хүнсний гол бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах чиглэлд хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн бариад байна. Хуулийн төслийг дөрөвдүгээр сарын 15-наас өмнө хэлэлцэн батлахаар байгаа юм.