Эрүүгийн цагдаагийн албанаас хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийв. 2022 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 2148 хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1332 нэгжээр буюу 2.6 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Үүнээс мал хулгайлах гэмт хэрэг эхний гурван сарын байдлаар 355 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад, 110 нэгжээр буюу 44.9 хувиар өссөн дүн байна. Хулгайлах гэмт хэрэг Дундговь, Төв, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай зэрэг аймагт зонхилжээ. Жишээлбэл, Монгол Улсын 5 бүлэг этгээд тээврийн хэрэгсэл ашиглан, эдгээр аймгуудаар явж айлын гэрт нэвтэрч, шашны эд өлгийн зүйл болох бурхан, судар болон мөнгөн хазаартай эмээл, ташуур, хөөрөг зэргийг нь тоносон байна.
Харин малын хулгайн гэмт хэрэг Архангай, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймагт зонхилон бүртгэгдсэн бөгөөд бусдын малыг хулгайлдаг 2 бүлэг этгээдийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрэмдэх гэмт хэргийн тухайд, улсын хэмжээнд 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 174 бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 110 нэгжээр буюу 3.1 дахин өссөн үзүүлэлттэй байна. Жишээ татахад, Сонгинохайрхан дүүргийн XVI хороо 41 дүгээр байрны орцонд 2022 оны гуравдугаар сарын 27-ны 23:50 цагт иргэн Д, Б нар нь архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тухайн байранд оршин суух найзынхаа гэрээс гарч яваад, лифтэн дотор үл таних 4 хүнд зодуулж, гар утсаа дээрэмдүүлсэн хэрэг гарчээ. Мөрдөн шалгалтаар тухайн хэргийг өсвөр насны 16 настай М, Б, 14 настай Ч, 17 настай Н нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлсэн байна. Цагдаагийн байгууллагаас дээрэмдэх гэмт хэрэгт ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд холбогдож байгааг анхааруулж, эцэг эх, асран хамгаалагч нарыг үр хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг сануулж байна.