Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирал О.Чимэдцэрэнгийн нөхөр нь сурагчийг зодож, бие мах бодийн хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэлзүйч, Н.Болорцэцэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
БОЛСОН ЯВДЛЫН ТАЛААР ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 12-Р СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ Н. БОЛОРЦЭЦЭГ:
-2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр хичээлийн цагаар 12 дугаар сургуулийн хүүхдэд Орос хэлний багш бие махбодын хүчирхийлэл үзүүлсэн. Зодуулсан хүүхдийн ангийнхан нь “Зодож, цохиж, өшиглөсөн. Хүүхдийн өмд нь урагдсан. Хэсэг газар хэвтэж байгаад ангиасаа уйлаад гараад явсан” гэж хэлсэн. Мөн “Багш үеийн хүнтэйгээ зодолдож байгаа юм шиг зодсонд бид их айсан. Ер нь их ууртай багш. Биднийг их хүчтэй нясалдаг” гэж болсон явдлын талаар хэлсэн.
Тухайн хүүхдийг зодсон шалтгаан нь ширээн дээр байсан сандалыг цүнхээ авах гээд санаандгүй газар унагааснаас үүдсэн. Багш сандал унагааснаас болж уурлаж зодсон. Хүүхдийн урагдсан өмдийг сургуулийн үйлчлэгчээр угаалгаж, технологийн багшаар оёулсан.
Хохирогч хүүхдийн ээжийн хэлснээр гэртээ уйлсаар орж ирсэн. Тэр орой нь халуурсан, дахиж хичээлдээ явахгүй гэж хэлсэн. Ингээд өнгөрөгч гуравдугаар сарын 9-25 хүртэл хичээлдээ ирээгүй. Үүнээс тав хоног нь өвчтэй, үлдсэн 20 хоног нь тасалсан гэх ирцийн бүртгэл бий.
Би гуравдугаар сарын 26-ны өдөр ангийнх нь хүүхдээр гэрийг нь заалгаж хамт очсон юм. Тус хүүхдийн гэр бүл болон хүүхэдтэй ганцаарчлан уулзсан. Ярилцсаны үндсэн дээр хичээлдээ явахаар болсон. Одоогоор хүүхдийн сэтгэл зүй маш хүнд байгаа. Энэ асуудлын дагуу сургуулийн захирал О.Чимэдцэрэнтэй уулзахад “Түмний хүүхдийн төлөө бүхнээ зориулж байхад надад чи заадаг хэн бэ? Чамаар шүүлгэхгүй” гэсэн. Сургуулийн захиргаа энэ асуудлаар гуравдугаар сарын 31-нд хурал хийсэн. “Энэ асуудлыг гадагшаа дэлгэж болохгүй. Байгууллагын хувийн нууц. Хэвлэл мэдээллээр цацвал хариуцлага тооцно” гэж сүрдүүлсэн гэв.
Тус хэргийн дагуу сургуулийн захиргаа Орос хэлний багшид ямар нэг хариуцлага тооцоогүй бөгөөд үүнийг эсэргүүцэн Боловсрол, шинжлэх ухааны яамны гадаа үсээ хусч, байр сууриа илэрхийллээ. Мөн тус асуудлын дагуу БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалантай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.