СЭЛЭНГЭД 2.5 ТОНН ҮР БЭЛДЭЖ, 10 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛНА

АНГИЛАЛ :

Г.Цэнгэлзаяа: Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ жил 2.5 тонн үр бэлдэж, 10 сая ширхэг тарьц, суулгац тарьж ургуулна

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнөж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг маш идэвхтэй түүчээлэн оролцож байгаа. Энэ ч утгаараа Монгол Улсын хэмжээнд нийлүүлэгч аймаг болно гэдгээ зарласан. Энэхүү ажилд тус аймгийн зүгээс хэрхэн оролцох бэлтгэл ажлаа хангасан хийгээд гол чухал хийгдэх ямар ажлууд төлөвлөсөн талаар аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяатай уулзаж ярилцлаа.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг маш идэвхтэй түүчээлэн оролцож байна. Аймгийн хэмжээнд хичнээн мэргэжлийн байгууллага болоод ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойн санг гэрээгээр эзэмшсэн 168 нөхөрлөл, ойн мэргэжлийн 142 байгууллага байдаг. Мөн дээр нь сумын болон сум дундын 6 ойн анги бий. Эдгээр мэргэжлийн байгууллага, ойн мэргэжлийн инженер, ажилтнууд маань энэхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд маш идэвхитэй, тэргүүн эгнээнд оролцоно.

-Саяхан зохион байгуулсан ойн зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга “Сэлэнгэ аймаг нийлүүлэгч болно” хэмээн зарласан. Энэ маш том ажил гэж харж байгаа. Нийлүүлэгч аймаг болохын тулд ажлаа хаанаас юунаас эхэлж байна. Хангалттай нөөц бий юу?

-Эхний ээлжинд бид хамгийн түрүүнд аймагтаа энд ажиллах ямар хэмжээний боловсон хүчний болоод хүний нөөц байна. Дээр нь тарьц суулгацын нөөц хэр байна. Мөн мод тарих газар маань хаана байна вэ? гэдэг дээр судалгаа хийсэн. Судалгааны үндсэн дээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд 81 га талбайд 68 мод үржүүлгийн газар, 30 гаруй иргэн, 38 ААНБ байгааг гаргаж ирсэн. Мөн өнөөдрийн байдлаар яг хөрсөн дээрээ мод үржүүлгийн газартаа 8 сая модны тарьц, суулгац байна гэсэн нөөц гарч ирлээ. Тэгэхээр Сэлэнгэ аймаг тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд ямарч байсан эхний ээлжинд нөөцтэй аймаг гэдэг нь харагдаж байна. Үүнээсээ улбаалаад цаашаа яаж нийлүүлэгч аймаг болох юм бэ гэдэг дээрээ анхаарах ёстой. Сэлэнгэ аймаг өнөөдөр Монгол Улсын Засгийн газартай 20 сая мод тарих гэрээ байгуулсан. Дээр нь манай аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд тухайлбал “Болдтөмөр Ерөө гол” компани гэхэд л 100 сая мод тарина. Тэгээд тариалангийн талбай гээд бодох юм бол Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийтдээ 150 сая гаруй модыг тарих нь ээ.

-Ойн мэргэжлийн боловсон хүчнийг шинээр бэлтгэнэ гэж аймгийн удирдлагууд ярьж байсан. Мэргэжилтнээ хэрхэн бэлтгэх вэ. Боломж бий юу?

-Бидэнд боломж байна уу? гэвэл бий. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хоёр МСҮТ, нэг коллеж байдаг. Энд ойн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх боломж бий. Өнөөдрийн байдлаар Цагааннуур, Хүдэр сумд ойн мэргэжлийн боловсон хүчин, ойжуулагч нараа бэлтгээд эхэлсэн. Бид бас Монгол Улсын хэмжээнд явагдаж байгаа 1000 багш арга хэмжээнд оролцож, сум бүрээс 3 багш бэлтгэхээр нэрсээ өгсөн. Бэлтгэл ажил хангагдаад явж байна.

-Танай байгууллага хэрхэн энэ үйл ажиллагаанд оролцож байна. Эхний ээлжинд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Одоогийн байдлаар манай БОАЖГ-аас ерөнхийдөө мод тарьж ургуулах, мод үржүүлгийн газраа сонгох талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ гарын авлага материалаар иргэд, ААНБ-уудыг ханган явж байна. Энэ хүрээндээ бид нэлээд олон гарын авлага бэлтгэсэн. Тухайлбал мод үржүүлгийн газарт ямар газрыг сонгож авах вэ. Үүнийгээ сонгоод авчихсан бол хамгийн түрүүнд юу хийх вэ? гэдгийгээ иргэд мэдэж байх ёстой. Хамгийн түрүүнд хөрсний шинжилгээгээ хийлгэсэн байх ёстой. Ингэснээр тухайн хөрсөнд ямар төрлийн модыг сонгох нь тодорхой болдог. Дараа нь үрийн нөөц байгаа эсэхээ сонгоно. Хэрвээ байхгүй бол хаанаас олох, түүхээ сонгох. Сэлэнгэ аймгийн хэмжээнд Хүдэр, Ерөө, Түшиг, Цагааннуур, Алтанбулаг, Мандал зэрэг сумдаас шилмүүст модны үрийг түүнэ. Мөн эдгээрээс гадна гол хөвөөлсөн бургасууд, уулын амуудаас зэрлэг үхрийн нүдний, бут сөөгний үрийг, жимс жимсгэний модны үрийг түүж бэлтгэж болно. Мөн Сүхбаатар, Орхон, Орхонтуул зэрэг сумдаас хайлаас модны үр түүж бэлтгэнэ. Ингээд сум болгоноороо, газар болгоноороо тухайн газар нутгийнхаа онцлогоос хамааран хаана үрийн нөөц байна түүнийгээ бид тодорхойлоод гаргасан байгаа. Энэ хэмжээндээ бид хаврын бэлтгэл ажилдаа орж байна. Саяхан бид ойн зөвлөгөөнөө хийж, Сэлэнгэ аймаг нийлүүлэгч аймаг гэдгээ зарласан. Тэгэхээр одоо бидэнд байгаа 8 сая тарьцан дээрээ 68 мод үржүүлгийн газар дээрээ, дахиад бүс болгон дээр нэмээд мод үржүүлгийн газар шинээр байгуулах гэж байна.

Цөлжилтөд өртсөн нийт 60.6 хувийн 19 хувь нь эрчтэй буюу нэн хүчтэй гэсэн ангилалд орсон

-Мод тарих нэг хэрэг. Арчлах, нөхөн сэргээх, үржүүлэх ажлууд хамгаас чухал. Энд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг үү. Мөн Сэлэнгэ аймаг нэлээд цөлжсөн. Энэ тал дээр ямар ажил төлөвлөөд хийж байгаа вэ?

-Энэ жил байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас Орхон, Бэлчир бүсийн ой үржүүлгийн газарт дэмжлэг үзүүлэхээр тодорхой хэмжээний хөрөнгө төлөвлөсөн. Ер нь байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаараа бид энэ жил 900 гаруй сая төгрөгийг төлөвлөөд ойжуулалт нөхөн сэргээлт хийх, мод үржүүлгийн газар байгуулах, өмнө нь байгуулсан мод үржүүлгийн газрууддаа усны эх үүсвэрийг нь шийдвэрлэх ажлуудыг хийж байгаа. Дээр нь цөлжилт, элсний нүүдэлд орсон, уур амьсгалын өөрчлөлт нэлээд ширүүн болоод байгаа газруудад аймгийнхаа хэмжээнд цөлжилтийн судалгаа хийлгэсэн. Сэлэнгэ аймгийн газар нутгийн 60.6 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөнд өртсөн байна. Түүнийх нь 19 хувь нь эрчтэй буюу нэн хүчтэй гэсэн ангилалд орж байгаа. Тэгэхээр эдгээр газруудаасаа хаана нь ойн зурвас байгуулах вэ гэдгийг сонгож аваад жишээ нь Алтанбулаг, Орхон, Жавхлант, Сайхан зэрэг сумдад зурвасын ажлыг хийж эхлээд байна.

-Энэ жилийн тухайд хаана хаана яг ямар ажлуудыг хийх вэ?

-Энэ жилийн хувьд бид Алтанбулаг, Жавхлант, Орхон, Сүхбаатар зэрэг сумдад ойн зурвас байгуулна. Энд 200 сая төгрөг төлөвлөөд байгаа. Энд эхний ээлжинд мод үржүүлгийн газруудад байгаа модыг мэргэжлийн байгууллагууд тендер шалгаруулах замаар авч тарина. Тэгэхээр мод үржүүлгийн газарт байгаа тарьж, суулгацууд эдийн засгийн эргэлтэнд орно гэсэн үг. Энэ тендерт орсон ААНБ-ууд өөрсдөө дандаа мэргэжлийн байгууллагууд байх ёстой. Тэд өөрсдийнхөө мод үржүүлгийн газарт тарьсан тарьц, суулгацаараа бусдад үйлчилнэ. Ингээд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийтдээ энэ жил 2000-2500 кг буюу 2.5 тонн үр бэлдээд 10 сая ширхэг тарьц, суулгац тарьж ургуулах, нийтдээ 200 га газарт байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар ойжуулалт хийх, мөн 40 га газарт ойн зурвас байгуулах, тариалангийн 370 га талбайд ойн зурвас байгуулна. Мөн уул уурхайн компаниуд нийтдээ 50-100 га газрыг нөхөн сэргээх ажлуудын энэ жил энэ тэрбум модны хүрээнд хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

-Сэлэнгэ аймаг ойн нөөцөө тоолсон гэсэн. Мөн хортон шавьжийн хөнөөлд хэрхэн өртөж байгаа вэ?

-Сэлэнгэ аймаг бол ойн болон байгалийн нөөцөө тоолсон аймаг шүү дээ. Жишээ нь ойн нөөцөөрөө 1.9 сая га ойтой. Газар нутгийн маань 47.6 хувь нь ой байна. Улсын ойн хэмжээний 55 хувь нь, таримал ойн 90.5 хувь нь Сэлэнгэ аймагт байна гээд гараад ирсэн. Тэгэхээр бид судалгаанд тулгуурласан, нөөцдөө суурилсан үйл ажиллагаа явуулах бүрэн бололцоотой болсон. Гэтэл дандаа сайн биш, манай ойн сангийн тодорхой хэмжээний газар доройтолд орсон. Энд ойн хээрийн түймэрт өртсөн 30 гаруй мянган га талбай бий. Бас мод бэлтгэсэн талбай байна. Ойн хөнөөлт шавьжинд нэрвэгдсэн талбай байна. Энд зайлшгүй ойжуулалт хийх шаардлагатай. Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнгөрсөн 2021 оны судалгаанаас үзэхэд нийтдээ 14.9 га газар ямар нэг хэмжээгээр хортон шавьжид нэрвэгдсэн гэсэн судалгаа гарсан. Энэ нь гол төлөв гол хөвөөлсөн бургасуудаас гадна ойн сангийн талбай байгаа. Ийм учраас бид энэ жил эхний ээлжинд Баруунбүрэн, Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур, Орхон, Орхонтуул, Сант зэрэг сумдад хөнөөлт шавьжны эсрэг тэмцлийн ажлыг хийх гэж байна. Дээр нь манай алдарт “Тужийн нарс” таримал ойтой. Саяхан судалгаа авч үзэхэд “Тужийн нарс”-нд яг 25 мянган га нь хүний гараар бүтсэн таримал ой байгаа нь нотлогдсон. Энд нийтдээ 75 мянган га ой байдаг. Тэнд харамсалтай нь ойн хөнөөлт шавьж орж ирсэн байна. Энэ бол нэг ёсондоо аюулын харанга дэлдэж байна гэсэн үг. Яагаад гэвэл энэ судлагдаагүй, хортон шавьж тараагүй байсан газар. Өнгөрсөн жилийн судалгаагаар гараагүй. Харин өвлийн бидний хийсэн судлагаагаар үр боргоцооны хортон оржээ гэсэн судалгаа гарсан. Энэ бол маш аюултай. Тэгэхээр энд яаралтай тэмцэх үүднээс эхний жилд хөнөөлийн голомт маш ихтэй байгаа 500 га газарт 20 сая төгрөгөөр утаат шүршигчээр тэмцлийн ажлыг явуулах гэж байна.

-Үндэсний хөтөлбөрт мэргэжлийн байгууллагууд хэрхэн оролцох нь тодорхой байна. Харин мэргэжлийн бус иргэд, байгууллагууд энэ ажилд яаж оролцох вэ. Тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үү?

-Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас иргэд рүү хандсан, төсөл хөтөлбөрийн асуудал, хөрөнгө мөнгөний асуудал гараагүй байна. Гэсэн хэдий ч Сэлэнгэ аймаг бол саяны миний хэлсэн байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааны зардлаасаа 901 сая төгрөгийг зарцуулж, ойжуулалт нөхөн сэргээлтийн ажил, мод үржүүлгийн газар байгуулах зэрэг маань бүгдээрээ хувь хүн рүү, иргэд рүү чиглэсэн ажил юм. Дээр нь тэрбум мод Сэлэнгэ аймагт гэдэг дээр Сэлэнгэ аймгийн өрх бүр хашаандаа мод тарина. Тэр дундаа жимс жимсгэний мод тарина. Сэлэнгэ аймаг угаасаа Шаамарын шар тохойдоо алим, жимс тарьж байсан туршлагатай. Үүнийгээ сэргээх. Мөн айл өрх бүр хашаанаасаа янз бүрийн химийн хортон бодист өртөөгүй, эко цэвэр бүтээгдэхүүн тарьж, алим, жимсээрээ хангах. Энэ бүхнийг бид мэргэжлийн байгууллагатай уяж, холбож өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Энд Сэлэнгэ аймгийн хэмжээнд ургадаг алим, чавганаас гадна хармаг тарьдаг болсон. Маш олон сортын үхрийн нүдийг туршин тарьж байна. Сая зөвлөгөөн дээрээ жимсний албаны даргыг урьж оролцуулан мэдээлэл хийлгэхэд Сэлэнгэ аймагт бүх төрлийн жимс, жимсгэний мод тарьж ургуулах бүрэн бололцоотой гэсэн судалгааны дүн хэлсэн. Би үүнд маш их олзуурхаж байгаа. Тэгэхээр айл болгон хашаандаа жимсний модоо тарих бололцоотой юм. Мөн бид Сэлэнгэ аймгийн хэмжээнд байгаа өрхийн тоог гаргасан. Хашаанд байгаа айлууд хашаандаа модоо тариад явчихна. Харин төвлөрсөн нийтийн байруудад байгаа айлууд яах вэ? Иймээс аймгийн Засаг даргын зүгээс тухайн сумдын дарга нарт ийм өрхүүдэд хаана мод тарих нийтийн эзэмшлийн талбайг нь зааж өгөө гэж үүрэг даалгавар өгсөн. Сум бүр иргэдийн таатай орчинг бүрдүүлэх цэцэрлэгт хүрээлэнг байгуулах зураглалаа, саналаа  гаргаж байна. Энэ жил бид хувьсгалын өлгий гэдэг утгаар Алтанбулаг сумаас эхлэнэ. Энд 94 сая төгрөгөөр 2 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Өнгөрсөн жил Сүхбаатар суманд жижиг ногоон төгөл байгуулсан. Тэнд 1700 гаруй мод тарьсан ургаж байна. Мөн тэр хүрээлэндээ худагны асуудлыг цогцоор нь шийдсэн. Үүний зэрэгцээ зөвхөн мод тарьж ургуулаад байх биш, иргэдийн аятай тавтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ийм талбайнууддаа эко жорлонгийн асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Хүмүүс аялна зугаална гэдэг чинь аль болох модтой, ойн газруудаар нийтийн эзэмшлийн талбайгаар л явдаг. Зайлшгүй бие засах болно. Иймээс бид нүхэн жорлонгоос татгалзаж, эко жорлонг байршуулж байгаа. Энэ жил мөн л байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардлаас Сүхбаатар сумандаа 4 ш эко жорлон байрлуулна. Энд 60 сая төгрөг төлөвлөсөн. Энэ маань бас л аялал жуулчлал, тэрбум модны хөтөлбөртэй уялдаад явж байгаа.

-Та түрүүн зөвлөгөөний үеэр Сэлэнгэ аймаг агро ойжуулалтын эхлэлийг тавилаа гэж ярьж байсан. Энэ талаараа тодруулаач. Агро ойжуулалт гэж яг юуг хэлээд байна вэ?

-Жимс, жимсгэнэ тарьснаар агро ойжуулалтыг нэлээд хөгжүүлнэ гэж харсан. Агро ойжуулалт гэж яг юуг хэлээд байгааг хүмүүс ярьдаг мөртлөө сайн мэддэггүй. Ойн зурвас байгууллаа гэж бодьё. Үүнийхээ үндсэн мод буюу мэргэжлийн хэллэгээр “пионер мод” буюу улиас, хайлаасаа тарилаа гэж бодоход түүний дунд зайнд нь та жимсний модоо, хүнсний ногоогоо тарьж болно. Энэ чинь бас эдийн засгийн эргэлтэнд ороод нэг талдаа байгаль экологидоо сайн, нөгөө талдаа эдийн засгийн талдаа үр өгөөжөө өгөх ажил болж байгаа юм. Агро гэдэг нь ойн зурвасынхаа дундуур тарьж ургуулж байгаа жимс, жимсний мод, алим, хүнсний ногоогоо хэлж байгаа юм. Ойжуулалт гэдэг нь тэр зурвастайгаа холиод ирэхээр агар ойжуулалт болж байгаа юм. Үүнийг дэмжсэн ажлыг бид маш сайн хийнэ. Энэ ажлыг бид энэ жил Стрем төсөлтэй хамтраад Жавхлант суманд үлгэр жишээ хийх гэж байгаа. Өнгөрсөн жил Алтанбулаг сумын Хоёр элсний тэнд зурвас байгуулсан. Одоо энэ зурвасынхаа дотор талбайд алимаа тарина. Энэ бол тэрбум модны хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг бөгөөд агро ойжуулалтын эхлэл болж байгаа юм.

Ярилцсан Ч.Отгонцэцэг

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
scattered clouds
-14.1 ° C
-14.1 °
-14.1 °
39 %
9.1kmh
42 %
Пүр
-15 °
Баа
-11 °
Бям
-2 °
Ням
-11 °
Дав
-21 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

“ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН УРАЛДААНЫ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН 2022 ОНЫ...

Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, БТСГ, Монголын дугуйн холбоо, ОУХМ Д.Оргодолын нэрэмжит дугуйн сургалтын танхим хамтран...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ...

ТӨВ САЙХАН НУТГИЙН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР...

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын...

27,5 ГА ТАЛБАЙД МОД ТАРЬЖ, АРЧИЛЖ, УРГУУЛЖ БАЙНА

"Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр...

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨВ АЙМГИЙН 26 СУМ, ЗУУНМОД...

2022 онд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаанд үндэслэн Улсын төсвийн...

Хан-Уул дүүрэг цас, мөс цэвэрлэх, давс бодис цацах хосолсон...

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул" дэд хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар хүртээмжийг...