Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Хөтөл тосгонд байрлах цемент, шохойн үйлдвэр нь 40 орчим жилийн түүхтэй. Уг үйлдвэрийг 2015 онд Бейзмент ХХК хувьчилж авсан байдаг. Харин хоёр хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар хувьчлалыг шүүхийн шийдвэргүйгээр хүчингүй болгож, төрийн мэдэлд авахаар болоод байна. Ингэснээр ТӨБЗГ-ын дарга болон үйлдвэрийн даргаар шинээр томилогдсон гэх Л.Наранбаатар нарын хүмүүс Хөтөлийн үйлдвэрт очиж, одоогийн удирлагуудтай нь үл ойлголцолд хүрээд байгаа юм. Одоогоор орон нутгийн цагдаагийн хамгаалалт дор зарим чухал объектыг лацдаж, аль ч тал нь үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болсон. Ингээд гурвал талын байр суурийг тоймлон хүргэе.
Л.НАРАНБААТАР /Засгийн газраас шинээр томилогдсон захирал/
ЭЗЭН НЬ ЮМАА МЭДНЭ
Эзэн нь юм аа мэдэж, эрэг нь усаа хашна. Өнөөдөр Хөтөлийн цемент шохой үйлдвэр хэдэн арван тэрбум төгрөгийн үнэ цэнтэй. Дээр нь шохойн чулууны орд байгаа. Шохойн чулууны ордтойгоо, үйлдвэртэйгээ 1.4 тэрбум төгрөгөөр хувьчлагдсан байна. Маш бага үнээр, үндсэндээ үнэгүй шахуу хувьчилж авсан байна гэж Засгийн газар шийдсэн. Тийм учраас төр өмчөө буцааж авч байгаа юм байна.
Намайг уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан, компанийн засаглалыг сайжруулах, ногдол ашиг өгүүлэх асуудлаар ажилласан болохоор томилсон байх. Хувьчилж авчихаад алдагдалтай ажиллаж байгаа энэ үйлдвэрийн галын фронт дээр ажилла гээд тушаал шийдвэр гаргасан. Энэ тушаал шийдвэр, ТӨБЗГ-ын шийдвэрийн дагуу Хөтөлийн цементийн үйлдвэрт ажил хүлээлцэх гээд ирсэн байна.
Сахал Эрдэнэбилэг талынхан ажил хүлээлцэхгүй, баримт материалтай танилцуулахгүй, төрийн төлөөлөлд ажиллах өрөө гаргаж өгөхгүй, хувийн хэвшлийн объектод зөвшөөрөлгүй орлоо гэв. Мөн хашаа барина, үйлдвэр рүү оруулахгүй гэв. Тэд төрийн нийтийн өмч, ард түмний баялаг болсон цементийн шохойн чулууны нөөцийг үнэгүй хэдэн сая тонноор ашигласан, мөн тог, цахилгаан, ус, зам харгуй, хүний нөөцийг ашигласан. Яг энэ байр жишээ нь энэ нөхдөд төрөөс үнэгүй очсон. Төрийн төлөөлөл өөрсдийн байрнаасаа хөөгдөх гэж үү. ТӨХБЗГ-ын дарга Цэнгэл ажил хүлээлцэх 2 цагийн хугацаа өглөө. Сахал эзнээсээ чиглэл авч шийдвэр гаргахад хангалттай урт хугацаа. Хэрэв энэ хугацаанд төр өмчөө шилжүүлж авахад саад учруулсаар байвал дараагийн арга хэмжээндээ орно гэж Цэнгэл дарга мэдэгдэв. Бид одоо хүлээж байна.
Н.ЧИНБАТ /Цемент Шохой ХК-ийн Гүйцэтгэх захирал/
БИ АЖЛАА ӨГӨХГҮЙ
Үйлдвэрийн жигд үйл ажиллагааг би хариуцна. Би өмчлөгч эзэн биш. Тиймээс бусдын өмчийг дур мэдэн төрд шилжүүлэх эрх надад байхгүй. Өмчлөгчийн өмгөөлөгчийн зүгээс зөвшөөрөл өгтөл би ажлаа хүлээлгэж өгөхгүй.

Төр хувийн хэвшлийг дээрэмдэж байна. Энэ үйлдэл нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй. ТӨБЗХГ-ын 108 тоот тогтоол байна. Уг тогтоолоор ТӨБЗГ өөрсдийнхөө хийсэн 2015 оны худалдан авах гэрээг хүчингүйд тооцож байна. Энэ гэрээ нь 2017 онд дүгнэгдээд дууссан. 41 тэрбум төгрөгийг өгч төрийн өмчийн хороотой гэрээгээ дүгнээд Хөтөлийн цемент шохооны үйлдвэрийг худалдаж авсан ажиллагаа дуусгавар болсон гэсэн үг. Гэтэл хүчингүйд тооцож байгаа гэрээний 6.2- т заасан “Талуудын хооронд маргаан гарвал шүүхээр шийдвэрлүүлнэ” гэх заалтыг мөрдөхгүй байна. Өнөөдөр Хөтөлийн үйлдвэрийг худалдан авсан компанийх нь хувьцааг хөрөнгөтэй нь хамт хурааж авах ажиллагаа явж байна.
Энэ хөрөнгө ТӨБЗХГ-т анхнаасаа байгаагүй. Байгаагүй хөрөнгийг Засгийн газрын тогтоол гаргаж хүчингүй болгосон ч гэсэн төрийн өмчид шилжих ёсгүй. Компанийн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомж чинь хаана байна вэ. Энэ бол дээрэм.
2019 оны арваннэгдүгээр сарын 15-нд “Хөтөл” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал нас барсан. Үүнтэй холбоотойгоор 2019 өв залгамжлах эрх нь нээгдсэн.. 2021 оны гуравдугаар сарын 24-ны өдөр хуль ёсны өв залгамлжагч өв нээлгэх хүсэлтээ гаргасан ч нотариатчдын танхим өнөөдрийг хүртэл өвийг нээхгүй байна. Энэ асуудал хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдээгүй байхад ЗГХЭГ-ын дарга нь өв залгамжлагчгүй мэтээр нийгэмд заралчихлаа. Үүний араас ТӨБЗГ-ын дарга нар нь ажлаа авахаар ирж байна. Энэ үйлдлийг АТГ-д өгч шалгуулна. Шүүхийн байгууллагаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлүүлнэ. Энэ хөрөнгийн өмч нь хэн бэ гэдгийг Монгол Улсын шүүүх шийднэ. Түүнээс биш төрийн нэг агентлагын дарга шийдвэр гаргаад захирал томилдог асуудал ардчилсан Монгол Улсад байхгүй. Эсвэл Монголын төр коммунизм руу буцаж байгаа юм уу.