Хөдөө аж ахуйг дэмжих санд нийт 240 орчим тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа нь чанаргүй зээлтэй холбоотой гэсэн мэдээлэл гарсан. Хамгийн ноцтой нь, энэхүү чанаргүй зээлүүд нь улс төрийн албан тушаалтнуудтай холбогдож байгаа бөгөөд мөнгө угаасан байж болзошгүй гэх асуудал ч яригдаж байгаа нь анхаарал татаж буй.
Энэ талаар бид Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр “Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн нь үнэн. Хэргийн процесс эхлэл шатандаа яваа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар ХААДС-гийн байранд нэгжлэг хийж, зарим санхүүгийн бичиг баримтуудыг хураан авсан гэж байна. Мөн даваа гарагт Эрүүгийн цагдаагийн албанаас ХААДС-гийн зээл, дэмжлэг хариуцсан хэлтсийн дарга Ч.Чинзоригоос мэдүүлэг авсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, сангийн албан тушаалтнууд хууль бус гэрээ байгуулан, хамаарал бүхий хүмүүстээ бүтээгдэхүүн олгож, түүнийгээ цааш иргэдэд өндөр үнээр борлуулсан гэх асуудал яригдаж байгаа юм байна. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Мэндсайханаас тодрууллаа.