Засгийн газрын энэ сарын 23-ны ээлжит хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, үйлдвэрийг төрийн өмчид авахаар шийдвэрлэсэн.
Энэ шийдвэртэй холбоотойгоор тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Лүндэгийн Наранбаатарыг томилж буйг тус үйлдвэрт ажиллаж буй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өнөөдөр танилцуулав.
Л.Наранбаатар нь ШУТИС-ийг уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр төгссөн, 43 настай, ам бүл дөрөв. Мэргэжлээрээ хувийн хэвшилд тасралтгүй ажилласан туршлагатай боловсон хүчин.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга уг тогтоолыг өнөөгийн удирдлага болон албан хаагчдад танилцуулахаар албаны хүмүүс тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Хөтөлийн цемент шохой ХК-д ажиллаж байна.
Тус үйлдвэр нь хуурай аргаар 1 сая хүртэл тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай, 800 гаруй ажилтантай. Гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Наранбаатарт компанийн Ерөнхий нягтлан бодогчийг томилон ажилдаа шуурхай орох үүрэг өгөв.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн гарын үсэг бүхий тогтоолыг үйлдвэрийн удирдлагууд хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ.