СҮРЬЕЭ “ИЛРҮҮЛДЭГ” АВТОБУС

АНГИЛАЛ :

Цас бударсан хаврын өдөр Сүхбаатарын талбайн урд хэсэгт хөх, улбар шар хийн бөмбөлгөөр чимэглэсэн автобус байх бөгөөд  хажуугаар нь сандал, сурталчилгааны материал барьсан хүмүүс тэвдэнгүй гүйж харагдана.  Автобусны хажуу талд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” гэх уриа бүхий хар хөх өнгийн баннер байршуулжээ. Энэ бол Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан нээлттэй өдөрлөгийн нээлтийн өмнөх дүр зураг. ДЭМБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг  сүрьеэ өвчинд анхаарал хандуулах, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, мэдээлэл сурталчилгааны хүртээмжийг нэмэгдүүлэх өдөр болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, НЭМҮТ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг зэрэг төр төрийн бус байгууллагууд хамтран урьдчилан сэргийлэх үзлэг, мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулав.

Нээлтийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “ДЭМБ-аас сүрьеэг 20 жилийн  өмнө  “аюултай өвчин” хэмээн зарласан. Гэвч уг өвчин өнөөдрийг хүртэл дэлхий дахинд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг хэвээр байна.  Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ, хүүхдийн сүрьеэ, хавсарсан өвчнүүд зэрэг олон бэрхшээл тулгарсаар байна. Бид сүүлийн хоёр жил цар тахалтай тэмцлээ. “Ковид-19”-ийн нөхцөл байдал сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоонд сөргөөр нөлөөлж байна.  Өмнө нь нийт тооцоологдсон сүрьеэ өвчний 30 хувийг илрүүлдэг байсан бол сүүлийн хоёр жилд 20 хувь болж буурсан. Тиймээс цаашид  эрт илрүүлгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнд шийдвэр гаргагчид, засаг захиргааны нэгж, иргэдийн оролцоо” чухал гэдгийг онцоллоо. Монгол ёсоор дарга нар эгнэн зогсож, байгууллага бүрийн төлөөлөл үг хэлэв. Харин иргэд хаана ямар үзлэг, оношилгоог байгааг сураглан талбай тойрч алхана.  Үе үе салхи дэгдэж ширээн дээрх сурталчилгааны материал, мэдээллийн самбарыг нь хийсгэх шахаж зохион байгуулагчдыг сандаргаж харагдав.

Монгол Улсад жилд 200 орчим хүн сүрьеэ өвчний улмаас нас бардаг

Манай улс сүрьеэгүй өвчлөл өндөртэй орны тоонд ордог. Тодруулбал, жилд 3000 гаруй сүрьеэгээр оношлогдож, 200 гаруй хүн уг өвчний улмаас нас бардаг байна. Үүний цаана сүрьеэгээр өвчилсөнөө өөрөө ч мэдэхгүй хэдэн мянган хүн бий. Түүнчлэн 2021 онд ДЭМБ-аас Монгол Улсыг сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэгээр зарласан.  Мөн сүрьеэгийн өвчлөлийн түвшин дэлхийн дунджаас 3,4 дахин өндөр бөгөөд халдварт өвчний шалтгаант нас баралтын хоёрдугаарт уг өвчин нэрлэгддэг.  Өөрөөр хэлбэл, зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай, “аюултай” өвчин юм. Гэтэл өдөрлөгт ирсэн иргэдийн мэдлэг хандлага дутмаг байгаа нь анзаарагдлаа. Нэг ширээнээс авсан сурталчилгааны материалаа дараагийн ширээн дээр гээх жишээтэй. Аль эсвэл сүрьеэ өвчний талаар нухацтайхан тайлбарлаж өгөх гэсэн эмчээс дөлж байгаа нэгэн ч харагдана. Энэ бүхний эцэст өнгө өнгийн сурталчилгааны материал сугавчилан цааш алхах хэн нэгэн хариад үүнийгээ уншдаг болов уу, аль эсвэл шатаадаг болов уу гэж бодол өөрийн эрхгүй төрөв.

Монголчууд нийтээрээ сүрьеэ гэдэг үгийг магш олон удаа сонссон. Гэхдээ яг ямар өвчин болохыг нь ухаж мэддэг хүн ховор гэхэд хилсдэхгүй.  Яг л хэзээний танил юм шиг хэрнээ огт танихгүй нэгэн шиг.  50 гаруй насны эмэгтэй “Сүрьеэ өвчин “Ковид-19”-тэй ижил амьсгалын замаар дамжин халдварладаг” гэх үгийг уншаад  “Ковид-19-тэй” ижилхэн  гэнэ үү” хэмээн гайхасхийж дуулдана.  Дэлхийд дахинд жил бүр Монгол Улсын хүн амын 3/1-тэй /1,3 сая/ тэнцэхүйц хүн сүрьеэгийн улмаас нас бардаг. Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр үеийнхний дунд сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх болсон. Сүрьеэ бидний хажууд, дэргэд, энүүхэнд байна. Сүрьеэгээс өвчилсөнөө мэдсэн хүмүүс “Хаанаас, яагаад, би өвчилчихлөө гэж үү”  гэж их асуудаг талаар эмч хэлж байсан юм. Гэтэл сүрьеэгээр хэн ч өвчлөх эрсдэлтэй. Сүрьеэгүй ирээдүйн төлөө өөртөө мэдээллийн хөрөнгө оруулалт хийх нь хамгийн чухал юм.  Нөгөөтэйгүүр,  өнөөдрийг хүртэлх мэдээлэл, сурталчилгаа, олон нийтэд чиглэсэн ажлын хүртээмж, үр дүн хэр байсан гэдэг асуудал үүснэ. Тэмдэглэлт өдрөөр л уриа лоозон барьж зогсоод, бусад нь  мэдээлэл сурталчилгаа явуулах “завгүй” байдаг нь манайхны зан. Зөвхөн сүрьеэ ч бус өөр олон эрүүл мэндийн тэмдэглэлт өдөр бий. Жилийн жилд нэг уриатай л үлддэг.  Жинхэнэ үр өгөөж нь  хаана байна вэ?

Нээлттэй өдөрлөгийг иргэнд ээлтэй зохион байгуулж сурах сан…

Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил орчим төв талбайд тэмдэглэлт өдөр зохион байгуулж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийгээгүй болоод ч тэр үү олон хүн цугласан байв. Цастай, жихүүн салхитай хэдий ч иргэдийн хөл татарсангүй. Нээлттэй өдөрлөгийн хамгийн эрэлттэй үйл ажиллагаа нь цээжний рентген зураг авах хэсэг байв. Тэр нь өдөрлөгийн төв хэсэгт байрлах өнөөх автобус.  Нэг талдаа хийн бөмбөлгөөр чимэглэж, баннер тогтоосон “тайз”. Нөгөө талдаа бол рентген зураг авах явуулын цэг.  Ерөөс энд ирсэн хүмүүсийн ихэнх нь цээжээ рентгенд харуулахаар ирсэн байх аж.  Үүний тулд эхлээд харьяа дүүргийнхээ сүрьеэгийн дипансерын мэдээлэл сурталчилгаа хийж буй ширээ рүү очиж асуумж бөглөнө. Шаардлагатай тохиолдолд рентген зураг авхуулах учиртай.  Гэтэл ирсэн хүн бүр рентгенд харуулах хүсэлтэй байв. Энэ нь “Ковид-19”-ийн дараах уушгин дахь үлдцээ харуулах гэсэнтэй холбоотой аж. 

Автобусаа Сүхбаатарын талбайн авто зогсоолын хажууханд байршуулсан тул хүмүүс зогсоол дахь машинуудтай холилдон дараалалд зогсжээ.  Цас бударч, салхи боссон ч хэн ч дарааллаа алдахыг хүссэнгүй. Малгайтай нь малгайгаа өмсөж,  ороолттой нь ороолтоо ороож хүйтнийг ажран зогссоор рентгенд харуулж байлаа. Эндээс Монголын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хэр зэрэг болохыг харж болсоор. Хэрэв  хүлээгдэл чирэгдэлгүй хүссэн үедээ үзүүлж болдог байсан бол хаврын хавсарганд дааран энэ олноороо ингэж зогсохгүй мэт. Олзуурхууштай нь, эрт илрүүлгийн явцад цөөнгүй сүрьеэгийн тохиолдол оношлогдож байгаа талаар зохион байгуулагчид дурдаж байв.

Хийж буй ажил нь үр дүнтэй, олон хүн ирж байгаад баярлаж байгаа хэдий ч хэт даарсандаа тарах цагаа сураглах эмч, ажилтнууд цөөнгүй байв. Дээрээс нь, хоёр байгууллагаас бусад нь асаргүй зөвхөн ширээ сандалтай байлаа.  Салхинаас хаах зүйлгүй тул даарч бээрэхээс эхлээд,  сурталчилгааны материалаа салхинд хийсгэх,  зориод ирсэн хүнд тухтайхан зөвлөгөө өгөхөөс эхлээд ажлын орчин нөхцөл тааруу юм. Гэвч тэд гүрийсээр ажил, үүргээ гүйцэтгэж харагдана.

Нээлттэй өдөрлөг бол  бидний үргэлж ярьдаг тэгш хүртээмжтэй, иргэнд ойр үйл ажиллагааны хэлбэр. Иргэндээ ч, эмч мэргэжилтнүүддээ ч тэр ээлтэй байж гэмээнэ нээлттэй өдөрлөгийн үр дүн дээшлэх мэт.

 

 

 

 

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ЦАГ АГААР

Mongolia
clear sky
21.6 ° C
21.6 °
21.6 °
34 %
1.9kmh
0 %
Дав
26 °
Мяг
31 °
Лха
23 °
Пүр
25 °
Баа
26 °

сошиал

шинэ

- Advertisement - spot_imgspot_img

санал болгох

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх...

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТӨВ АЗИЙН...

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш ОХУ-н ерөнхийлөгч В.Путин анх удаагаа гадаад оронд айлчлах...

ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОСЛЫН УЛМААС ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 565 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам...

БОГДХАН УУЛЫН ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫН ТОХИЖИЛТЫГ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсандаа "Зургаадугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар Богд уулын Дугуй цагаан руу...

ТАНИЛЦ: НИЙСЛЭЛД ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг...

“БИШКЕК-2022” ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН...

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Киргиз улсын нийслэл...